Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Таван толгойн коксжих нүүрсний орд газрын Ухаа худагийн уурхайн дэргэд Австрали улсын техник, ОХУ, Австрали улсын хамтарсан, Сибирийн нөхцөлд зориулсан технологи бүхий Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барьж 2011 онд ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэр нь “Тэсэрдэггүй хольцын (түүхий эдийн) үйлдвэр“ болон “Цэнэглэгч автомашин“ гэсэн хэсгээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь тэсэрдэггүй хольцуудыг тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан. Энэ технологи нь гар ажиллагааг багасган автоматжуулсан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн шинжилгээний лабораторид түүхий эд материалын чанар, орц найрлагыг хянаж, өөрчлөн тохируулдаг онцлогтой. Ингэснээр бүтээгдэхүүнийг гологдолгүй гаргахаас гадна хэрэглэгчийн шаардлага, хэрэгцээ бүрт нийцсэн бүтээгдэхүүнийг олон төрлөөр үйлдвэрлэх боломжтой, техник, тоног төхөөрөмж найдвартай ажиллагаатай, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэлийн олон улсын стандарт хангасан шалгарсан техник, технологи юм.