Технологи хөгжлийн хэлтсийн дарга А.БУЯНЖАРГАЛ

16/05/2022


ГЭР БҮЛТЭЙГЭЭ ТОГТМОЛ ХАМТ БАЙЖ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ, ЦААШИД ҮР БҮТЭЭЛТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙГААР АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН.

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө товч танилцуулаад “МЕРА” ХХК-д ажилд орсон түүхээ бидэнтэй хуваалцаач. 

Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Авирмэдийн Буянжаргал гэдэг. “МЕРА” ХХК-ийн Технологи хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1989 оны 05 сарын 18нд малчин айл Авирмэдийн отгон хүү болон мэндэлсэн. 2007 онд Арвайхээр сумын 2-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөж МУИС-д элсэн орсон. 2011 оны 6 сарын 15-нд МУИС-г төгсөөд ажлын байрны эрэлд гарсан. 

Шууд ажлын байр олдохгүй байсан тул харуул хамгаалтын компанид хамгаалагчийн ажил түр хийж эхэлсний дараахан “Очир-Ундраа” гэдэг нэртэй компани химич-технологичийн ажлын байр зарласан байсан юм. Ажлын зар тогтмол шүүрдэж харж байсан миний хувьд энэ нь маш сайхан мэдээ байсан бөгөөд тэр даруйдаа л анкетыг нь бөглөсөн. Анкет маань хүний нөөцийн шалгаруулалтад тэнцэж ярилцлага болон мэргэжлийн шалгалтыг өгч шинэ ажилдаа 7 дугаар сарын 9-нөөс орсон доо. 

 Анх ажилд орсон сэтгэгдэлээсээ хуваалцвал? 

Шинэ төгссөн оюутан би өөртөө маш том зорилт тавьж Таван Толгой салбар дахь Т12 үйлдвэрийг зорьсон. Хүрч очиход үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн, гэр кэмптэй, говийн халуун зэрэг нь төсөөлснөөс шал өөр байлаа. Цэвэрхэн оффис, лабораторийн орчин төсөөлж очсон миний хувьд өөр угталт байсан юм. Гэхдээ, би үүнд нэг их ач холбогдол өгөлгүйгээр тухайн салбар болон үйлдвэрийн технологийн талаар эрчимтэй судалж бүтээн байгуулалтын ажилд нь гар бие оролцон ажилласан даа. Анхны ажлын үргэлжлэх хугацаа маань 52 байсан бөгөөд эргэж ирэхэд цалин маань сар сараараа бодогдоод дансандаа орсныг хараад өөрийн сурч эзэмшсэн мэргэжил, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлсэн АНХНЫ ЦАЛИН гэдгээрээ маш их бахархах, баярлах сэтгэгдэл төрж байсан бөгөөд одоо ч гэсэн тэр сэтгэгдэл маань надтай хамт байдаг.

Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчний хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байсан бэ? 

Анхны төлөвлөгөө маань 2 жил ажлаад өөрийн мэргэжил Хүнс-Биотехнологи чиглэлээр магистрт сурах төлөвлөгөөтэй орж байсан ч хамт олныхоо дунд ороод миний сурч хөгжих чиглэл маань тэсэлгээний салбар юм байна гэдгийг ойлгож, энэ салбартаа, МЕРА компанидаа ажиллая гэж шийдээд энэ чиглэлээр мэргэшихийн тулд маш их материал уншиж, судалж, хамт олноосоо суралцаж ажилласан.

МЕРА компанид ажиллаж байх хугацаанд сэтгэлд тод үлдсэн дурсамжаа хуваалцаач? 

Ажилд ороод эхний 3н жил бүтээн байгуулалт өрнөсөн, завгүй он жилүүд өнгөрсөн. Гэвч, эдийн засгийн хямрал нүүрлэж, уул уурхайн салбар тэр аяаараа зогсонги байдалд шилжсэн хүнд хэцүү цаг үед ажилтнуудаа ажилтай, орлоготой байлгах зорилго тавьж барилгын бүтээн байгуулалт, Зоолуухарын орд газрын олборлолтын ажлыг эхлүүлсэн нь менежментийн маш ухаалаг шийдэл байсан гэж би боддог. 

Хөгжилтэй, адал явдалтай түүх байвал хуваалцаач? 

Баасан гарагт ажлаа тараад эхнэр хүүхэд дээрээ очихоор шууд хөлгийн жолоо залдаг байлаа. Нэг удаа, Бямба гарагт амжуулах ажил байсан тул хотод хонож, ажлаа амжуулаад, Бямба гарагийн орой хотоос гарахад цаг нэлээн оройтсон байсан. Тэгээд замдаа явж байгаад жаахан амарч, нүдний хор гаргая гэж бодоод төв замаас гарч зогсохоор шороон замруу ороод явж байтал дугуй хагараад, солих гэтэл дугуйн торцовоо авахаа мартсан байлаа. Замд яваа жолоочдоос тусламж авах санаатай төв замруу очтол машин явалгүй нэлээд удсан юм. Арай гэж нэг машин ирж, надад туслаад амарч ч чадалгүй буцаад хөдлөхөд шөнийн 2-3 цаг болсон байлаа. Тэгээд үүрээр шахуу гэртээ очоод, ням гарагийн үд өнгөртөл унтаад, гэрийнхэнтэйгээ 4, 5-хан цаг хамт байж байгаад буцаад хотын зүг хөдөлсөн дөө. Тухайн үед хэдхэн цагч байсан хамаагүй гэр бүлтэйгээ хамт байх нь маш сайхан байдаг байсан.

Химич технологич албан тушаалаас хэлтсийн дарга болтлоо дэвшсэнд тань баяр хүргэе. Албан тушаал ахиж дэвших боломж хэр байдаг вэ? Компанийн зүгээс ажилтнууддаа өсөн дэвших боломжийг хэр олгодог вэ?  

2018 онд Гурван тэс суманд Т16 үйлдвэрийн төсөл эхлэхэд, үйлдвэрийн Технологич-Инженер албан тушаалд томилогдон ажилласан. Инженер байх хугацаандаа үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан ба тухайн үед үйлдвэрийн “Түүхий Эдийн Оновчлол”-ыг боловсруулж, зардлыг хэмнэх шийдэл боловсруулснаар 2018 оны “Группын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг, шинийг санаачлагч” шагнал авч байлаа. Тэгээд, 2019 оны 10 сараас “Технологи хөгжлийн хэлтсийн дарга”-ын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласны дагуу өргөдлөө өгч, сонгон шалгаруулалтанд орж, шалгалт өгч тэнцсэнээр энэ албан тушаалд дэвшин ажиллаж байна. Тухайн албан тушаалд дэвшин ажиллах үедээ эхнэр хүүхдүүд маань Өвөрхангай аймагт, би гэдэг хүн ажлын шаардлагаар Улаанбаатар хотод тогтмол амьдрахаар болсон. Гэр бүлээсээ хол, ганцаараа амьдарч байсан цаг үед сэтгэл санаа тогтворгүй байдаг байлаа.Энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзэж, мөн компанийн зүгээс шалгуур үзүүлэлт хангасан 20 ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлсний нэг ажилтан нь болсноор манай группийн барилгын “Бүтээгч” ХХК-ийн 2021 онд ашиглалтад оруулсан шинэ байрны 3 өрөө байранд орсон юм. Ингэснээр надад гэр бүлтэйгээ тогтмол хамт байж, үр хүүхдүүдийнхээ аз жаргалыг байнга мэдэрч, цаашид үр бүтээлтэй, аз жаргалтайгаар ажиллах урам зориг өгсөн. Би “МЕРА” ХХК-д ажилладагаараа бахархдаг. Маш их олзуурхаж, баярлаж явдаг.

Өөрийн ажил амьдралынхаа талаар бидэнтэй цаг гарган хуучилсан танд баярлалаа.



Дээш