Skip links

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГАА ХЭРХЭН АВРАН ХАМГААЛАХ ВЭ?

1. Газар хөдлөлт болохын өмнө бэлтгэл юу хийх вэ?
  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах.
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх.
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх.
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх.
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох.
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших.
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах.
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох.
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх.
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах.
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах.
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх.
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох.
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах.
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх.
  • Галын хор ашиглаж сурах.
2. Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

а) Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй.
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх.
  • Бат бөх ширээн доогуур орох.
  • Цонхноос хол байх.
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх.
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага байдаг.

б) Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох.
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй.
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох.
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх.
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах.
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй.
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
3. Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах.
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах.
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах.
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй.
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх.
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах.
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах.
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх.
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/.
  • Гал гаргаж болохгүй.
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах.
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх.
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх.
  • Цахилгаанаа яаран бүү залга.
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах зэрэг болно.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх