"COVID-19" ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ КОМПАНИУДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

06/09/2021



“КОВИД-19”
болон шинэ вирусын тархалтын энэ үед компаниуд нь ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэх, ажлын байран дахь цар тахлын болзошгүй хор хөнөөлийг бууруулж, арилгахад зориулж хэрэгжүүлж буй бодлого, дүрэм, журам, хяналтын арга хэмжээ багтсан аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хариуцлагатай мөрдөх шаардлагатай бөгөөд ажил олгогчид, ажилчид, удирдлагууд, эрүүл ахуй, аюулгүй байдлын зөвлөлийн оролцоо үүнд маш чухал үүрэгтэй юм.

Бритиш Колумбын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын байгууллага болох WorkSafeBC нь аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад нь туслах зорилгоор 6 үе шат бүхий хөтөлбөр зохиосныг та бүхэнд танилцуулж байна.


1. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ.


Халдвар тархах эрсдэлтэй газруудыг тодорхойлохын тулд эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Үүний тулд юуг анхаарч үзэх вэ?

  • Хүмүүс хаана их цуглардаг вэ? Ажлын байрны өрөө, тасалгаа, хооллох өрөө г.м
  • Ямар ажил үүрэг гүйцэтгэх явцдаа ажилчдыг өөр хоорондоо эсвэл гадны хүмүүстэй биечлэн уулзах шаардлагатай байдаг вэ?
  • Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар машин механизм, тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг вэ?
  • Хаалганы бариул, ажлын багаж тоног төхөөрөмж гэх мэт ажилчдын дундаа хэрэглэдэг, байнга хүрч ажилладаг зүйлс юу байна вэ?

2. ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ.

Ажилчид хоорондоо зохих аюулгүйн зай барих.

  • Аливаа ажлыг зохион байгуулахдаа аль болох цөөн хүн биечлэн оролцох байдлаар төлөвлөх
  • Ариун цэврийн өрөө, амралтын өрөө зэрэг олон нийтийн талбайд нэг дор цугларах хүмүүсийн тооны хязгаар тогтоох.
  • Олон хүн оролцох шаардлагатай ажлыг гүйцэтгэхдээ багаж тоног төхөөрөмжөөр орлуулах боломжтой эсэхийг бодож үзээрэй.
  • Зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай ажилчдыг нэг бүлэг, баг болгох.
  • Хүн хоорондын зай барих боломжгүй тохиолдол хүмүүсийг тусгаарлах хаалт, амны хаалт ашиглах.

Ажлын байрны цэвэрлэгээ, эрүүл ахуй

  • Ажлын байранд гар угаах, ариутгах нөхцөлийг бүрдүүлэх. Ажилчид ажилдаа ирэхдээ болон багаж материал, тоног төхөөрөмжтэй харьцсаны дараа гараа угаах талаар журамлаж, хэвшүүлэх.
  • Ариун цэврийн өрөө, ширээ, гэрлийн унтраалга, хаалганы бариул гэх мэт нийтийн талбай, хатуу гадаргууг тогтмол ариутгаж цэвэрлэх журам/хуваарь гаргаж, нэвтрүүлэх
  • Кофе чанагч, сав суулга, таваг зэрэг нийтийн хэрэглээний зүйлсийг тогтмол ариутгаж байх.

3. БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ

Ажлын байран дээр хэн нэгэн халдвар авсны улмаас чөлөө авсан тохиолдолд авах арга хэмжээ, ажлын байрны зохион байгуулалттай холбоотой эрсдэлийн үеийн бодлого, журам боловсруулах.

  • ”КОВИД-19”-ийн шинж тэмдэг илэрсэн хүн өөрийгөө тусгаарлаж, шинжилгээнд хамрагдах ёстой.
  • Гадаадаас ирсэн, эсвэл ”КОВИД-19”-ийн халдвар авсан хүнтэй уулзсан, ойрын хавьтал болсон хүн 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой.
  • Ажлын байр, талбарт зочид ирэхийг хязгаарлах эсвэл хориглох.
  • Ажлын байран дээр шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан тохиолдолд хэнд мэдэгдэх болон хэрхэн тусгаарлах, ажлын байрнаас гэр лүүгээ хэрхэн явах талаар төлөвлөгөөтэй байх.


4. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, АЖИЛЧДЫГ СУРГАХ

  • Хүн бүр ажлын байран дээрээ өөрийгөө хэрхэн аюулгүй байлгах тухай мэдлэгтэй байх ёстой.
  • Хүн бүр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сургалтанд хамрагдсан байх, өвчтэй байхдаа гэртээ байх талаарх бодлогын талаар бүрэн ойлголттой байх
  • Өрөө, талбайн нэг дор байрлах/нэвтрэх хүний тоо, гар угаах үр дүнтэй дадал зуршил, шинж тэмдэг илэрсэн зочид, ажилчдад тавих хязгаарлалт зэргийг багтаасан тэмдэглэгээ байршуулах
  • Ахлах ажилтнууд болон удирдлагууд нь эдгээр бодлого, журмын хэрэгжилтэд хяналт, шаардлага тавих тухай сургагдсан байх.

5. АЖЛЫН БАЙРАН ДАХ ХЯНАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧИЛЖ БАЙХ.

  • Хэрэв таны санааг зовоож буй ямар нэгэн асуудал гарвал бодлого дүрэм журмаа эргэж хар, шаардлагатай бол шинэчил
  • Ажилчдад аюулгүй байдлын талаар санаа зовж буй асуудал байгаа эсэхийг тодруулж асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдэнтэй хамтран ажиллах шаардлагатай.

6. ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДАХИН ЭХЛҮҮЛЭХ ҮЕД ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЖ, ШИЙДВЭРЛЭХ.

Хэрэв танай ажил түр зогссон эсвэл ажиллах хүчинд өөрчлөлт оруулсан бол үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх үедээ дараах эрсдэлүүдийг анхаарч үзээрэй.

  • Та ажиллах хүчиндээ халаа сэлгээ хийсэн үү, ажилчдын үүрэг хариуцлагад өөрчлөлт орсон уу, эсвэл шинэ тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай болсон уу?
  • Ажлын байранд эргэн ирсний дараа ажилчид чинь ур чадвар, мэдлэгээ сэргээх сургалтад хамрагдах шаардлагатай юу
  • Танай байгууллага үйл ажиллагаа, тоног төхөөрөмждөө өөрчлөлт хийсэн үү? зэрэг болно

Цар тахлын талаар сайн судалж, бусдад таниулах тусам вирусийн эсрэг тэмцэх хандлага сайжрах тул бид бүгдээрээ ”КОВИД-19”-ийн талаарх нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган, мөрдөж, цар тахлын тархалтыг удаашруулж, эрүүл, аюулгүй ажлын байрыг хадгалж ажиллахад өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая!

Дээш